Mongol Art Gallery
Loading

Хайрын Салхи

4 сарын 22, 2022

Салхи чамд захидал хүргэнэ, уншаарай

Саруул үдэш болзоонд урина, ирээрэй

Сайхан нүд чамайг ширтэнэ, хараарай

Салж хагацахааргүй хайр бэлэглэнэ, үнэнч байгаарай.

 

Хүн байгаль хоёрын холбоо, хүн ба амьтдын хосоор амьдрах байгалийн өгөгдөл дүрслэх урлагийн олон төрлөөр, уран бүтээлчийн мэдрэмжээр олонтаа дүрслэгддэг.

Монгол зураг дахь сэтгэлгээний онцлогийг нэвт шингээсэн уран бүтээлчийн дотоод ертөнцийг дүрс дүрслэл, агуулгын хувьд хайрын романсаар илэрхийлсэн уран бүтээлч Ш.Тамирын “Хайрын Салхи” 3 дахь бие даасан үзэсгэлэн Монгол арт галерейд 04.22-05.02 ны өдрийг хүртэл үзэгч олондоо толилуулна.

Дүрслэл илэрхийллийн маш эртний арга зураас урлагийн эхлэл хадны зурагт анх үүсч улмаар олон зууны туршид дамжин хөгжсөнөөрөө монгол зургийн дэг, түүнчлэн монгол зургийн хөгжил суурь үүдэлтэй гэж үздэг. Эртний уламжлалаасаа суралцан, өнгө болон бодит дүрс, хэлбэрийг хийсвэрлэн далд гүн агуулга бүхий нүүдэлчдийн гоо зүй, уран сайхны сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзлийг өөртөө шингээсэн хосгүй үнэт дурсгал бол эртний хадны зургууд юм.Энэ ч утгаараа уран бүтээлч эртний хадны зурагт байдаг дүр дүрслэл, давтамж хөдөлгөөн, өнгө зэргийг судалгааны үндсэн дээр өөрийн арга барилд хувирган орчин цагийн монгол зургийн чиг хандлагаар илэрхийлснээрээ онцлог юм. Байгаль дэлхий бол хүн төрөлхтний төрж, өсч буй цорын ганц өлгий нь ба хүн , амьтны хосоор амьдрах өгөгдлийг далд ухамсар, сэтгэлгээний онцлог, дотоод ертөнцийн илэрхийлэлээр хосуудын гэгээн нандин хайр, баяр баясал гуниг хийгээд сэтгэлийн ариун нандин холбоог сонирхолтой байдлаар сэтгэл гижигдэм, мөнхийн хөдөлгөөн мэт сонирхолтой уран дүрсэлжээ.

Хаяг: Дүнжингарав худалдааны төвийн замын урд,  Монгол Арт Галерей

Утас: 77198080, 86474747

Mongolartgallery