Зураач, бясалгагч Л.Энхтайвангийн 60 насны ой болон Охин Урангоогийн төрсөн өдөрт зориулан дэлгэсэн уран зураг, баримлын үзэсгэлэн дэлгэгдлээ.
“Дүрслэх урлаг нь чимээгүй урлаг юм” гэж нэгэн хүн хэлж байхыг би бээр сонсоод ихэд олзуурхан тогтоож авч байж билээ.
“Бясалгал” нь мөн адил өөрийгөө бүтээх чимээгүй урлагийн нэгэн төрөл билээ. Чимээгүй урлаг болон Бясалгахуйн урлаг хоёрыг хослуулсан хэлбэрээр уг уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн бүтээгдэж буй юм.
Энэхүү “ХҮН ЦЭЦЭГС-1” үзэсгэлэн нь хөрөг бүтээлээр дагнан бүтэж буй бөгөөд уран зураг, уран баримлын төрлөөр хийгдсэн болно.
Цэцэг мэт хэмээн эмэгтэй хүнийг онцлон тодруулж буй нь уг үзэсгэлэнгийн гол утга санааг илэрхийлж байгаа билээ.
Гоо үзэсгэлэн чимээгүй урлагт хэрхэн дүрслэгдэж болох нэгэн өнцөг энэхүү “ХҮН ЦЭЦЭГС-1” үзэсгэлэнд өөрийн онцлог талыг харуулах юм.
Үзэсгэлэнгийн бүтэц:
Бясалгалын чимээгүй анир дор эрхэмсэг бүсгүйн оршихуй нэгэн цэгт төвлөрөн бүрэлдэж буйг харуулах, намуун гэгээлэг өнгө, дүрслэл үзэгч хүмүүнийг билгийн мэлмийгээ тольдох нэгэн агшныг холбож өгөх юун магад хэмээн тэр мэт зураг дүрслэл түлхүү бүтээгдсэн болно.
Уг уран бүтээлч нь бясалгагч хүн тул өөрийн дотоод эмэгтэйлэг чанараа нээн тольдож хэрхэн түүнээ чимээгүй урлагийн хэлэнд хөрвүүлэн буулгасныг үзэсгэлэнгийн “Миний дотоод эмэгтэй” хэмээх хэсэгт дүрсэлсэн байна.
Л.Энхтайван нь үзэсгэлэнгийнхээ нэгэн хүндтэй хэсгийг “Намайг тойрсон цэцэгс” хэмээн нэрийдсэн байх бөгөөд өөрийн хайртай 6 эмэгтэйг сонгон авч сонгодог уран зургийн хэлбэрт дөхүүлэн дүрслэн бүтээжээ.
Үзэсгэлэнгийн өөр нэгэн хэсэгт “Дэлхийн шашин цэцэгсийн нүдэнд” нэртэй акриликийн бүтээлүүд байх бөгөөд дэлхийн тивүүд болон улс үндэстнүүдийн төлөөлөл болгон 6-н эмэгтэйг сонгон чөлөөт дүрслэлээр бүтээсэн байна.
Уран бүтээлч Л.Энхтайван нь өөрийн охидоо чимээгүй урлагийн хэлээр илэрхийлэх олон оролдлого хийсэн хэсэг байх бөгөөд “Миний охид” нэртэй ажээ.
Уг үзэсгэлэнгийн дараагийн хэсэг “Чөлөөт зохиомж” нэртэй бөгөөд бүсгүй хүний гоо сайхныг байгаль эхтэй нь холбон дүрслэхийг хичээсэн болно.
Үзэсгэлэнгийн ганцаарчилсан хэсэгт “Орших, эс оршихуйн заагт хүмүүн байхуй” хэмээн нэрийдсэн ганц бүтээл байх бөгөөд уран бүтээлч Л.Тайван өөрийн хамтрагч хоёр эмэгтэйтэй хамтын бясалгал үйлдэж буйгаар дүрслэгдсэн уран зураг байх аж.