

Энэхүү үзэсгэлэнд оролцохоор Улаанбаатар хотод зочилсон нь таны анхны аялал уу? Улаанбаатар хотын урлагийн амьдрал, уур амьсгал ямар сэтгэгдэл төрүүлэв? Энэхүү орчин таны уран бүтээлд шинэ сэдэл, урам зориг өгч чадав уу?
Ким Чонги: Тийм ээ, миний хувьд Монгол оронд анх удаа зочилж байна.
Эндхийн уран бүтээлчдийн ажиллах орчин нөхцөл, урлагийн амьдрал тун идэвхтэй, эрч хүчтэй байгаа нь гүн сэтгэгдэл үлдээлээ. Ялангуяа төрөөс урлагийг дэмжиж, уран бүтээлчдийнхээ хөдөлмөрийг өндрөөр үнэлдэг нь бидний хувьд үнэхээр бахархууштай бөгөөд сэтгэл татам санагдсан.
Түүнчлэн Монголын уламжлалт дүрслэх урлагийн өвтэй танилцах явцдаа хоёр орны соёлын эртний гүн холбоог ойлгож авлаа. Энэ нь бидэнд ч мөн өөрсдийн уламжлалт соёлоо хадгалан хамгаалж, цаашид улам бүр баяжуулан хөгжүүлэхийн чухлыг сануулсан хэрэг боллоо.

Таны бүтээлүүд Монголын орчин үеийн уран бүтээлчдийн ажилтай нэгэн дор дэлгэгдэж байна. Монгол уран бүтээлчдийн ажил болон өөрийн бүтээл хооронд ижил төстэй тал, нийтлэг эрэлхийлэл ажиглагдав уу?
Ким Чонги: Үзэсгэлэнгийн нээлтээс өмнө би "Чингис хаан" үндэсний музейгээр зочилсон юм. Тэнд харсан Монголын уламжлалт соёл, дүрслэлийн өвийг эндхийн уран бүтээлчид орчин үеийн мэдрэмжээр дахин тайлбарлаж, шинэ өнгө аясаар илэрхийлж байгааг анзаарлаа.
Миний хувьд бүтээлдээ Солонгосын Жусон гүрний үеийн ардын зураг болох Минхва (Minhwa)-гийн дүрслэлийн арга барилыг ашигладаг. Уламжлалт өвөө орчин үеийн урлагийн хэлэмжтэй холбон илэрхийлж буй энэхүү арга барил нь Монголын уран бүтээлчидтэй маань тун ижил төстэй санагдаж, дотно мэдрэмж төрүүлсэн.
Энэхүү үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийнхээ гол концепцыг сонирхуулна уу? Таны төрсөн нутаг, соёлын хөрс болох БНСУ-ын Тэжон хотын онцлог бүтээлийн тань дүрслэлийн хэлэмжид хэрхэн туссан бэ?
Ким Чонги: Дүрслэх урлаг бол хил хязгааргүй, дэлхий нийтийн нийтлэг хэл юм. Тодорхой хэл ярианы тайлбаргүй байсан ч үзэгч бүр өөрийн мэдрэмж, өнцгөөс бүтээлийг тусган авч ойлгодог. Соёлын ялгаа байж болох ч бүтээлээр дамжуулах гэсэн дотоод сэтгэл, уран сайхны санаа нь угтаа нэг зүйл рүү тэмүүлж байдаг.
Энэхүү үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдийн хувьд:

"Жөнъян-ри тосгоны тэнгэр" (증양리 하늘): Жусон гүрний үеийн уламжлалт Минхва зургийн арга барилаар туурвисан бүтээл.

"Загасчлалд гарахыг хүлээх зуур" (조업을 기다리며 ): Далайгүй эх газрын Монгол хүмүүс Солонгос оронд зочлохдоо далай үзэхийг хүсдэг болов уу гэсэн сэдлээс үүдсэн. Далайн боомтод аялалд гарахаар бэлтгэж буй хөлөг онгоцнуудын дүр төрхийг дүрсэлсэн юм.
Энэхүү хамтарсан үзэсгэлэн нь хоёр орны соёлын гүүр болж байна. Улаанбаатар хотод дэлгэгдсэн энэхүү үзэсгэлэн таны цаашдын уран бүтээлийн замналд ямар шинэ алсын хараа, урам зориг өгөв?
Ким Чонги: Монгол уран бүтээлчдийн торгомсог нарийн мэдрэмж, уламжлалаасаа эх авч өдөр тутмын амьдралыг урлаг болгон хувиргаж буй арга барил надад гүн сэтгэгдэл үлдээлээ. Тэд бодит байдлыг шууд хуулбарлах бус, өөрсдийн өнцөг, уран сайхны тайлбараар шинэчлэн бүтээдэг нь туйлын бүтээлч санагдсан.
Солонгос руу буцсаныхаа дараа дэлхий дахинаа түгж буй K-соёлын контекстэд Солонгосын уламжлалт сэдвүүдийг илүү гүнзгий судалж, Монголоос авсан энэхүү шинэ санаа сэдлээ бүтээлдээ тусгахыг зорино. Мөн ийм соёл, урлагийн бүтээлч солилцоо цаашид ч тасралтгүй үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.
---
