

Даяаршлын эрин үед уран бүтээлч хүн хувьсан өөрчлөгдөж буй ертөнцийг баримтжуулахын зэрэгцээ өөрийн дотоод мөн чанарыг хэрхэн хадгалж үлдэх вэ? Бид Хятадын орчин үеийн урлагийн гучин жилийн түүхийг дижитал хуйлмал зурагт мөнхөлсөн зураач Жун Тяньбин болон нүүдэлчдийн гүн ухааныг хүрлээр амилуулагч уран барималч Н.Лхагвасүрэн нарын бүтээлч ертөнцийн огтлолцол дээр ирлээ.
"Бээжин Дандай 2026" олон улсын үзэсгэлэн (фестивальд) "Монгол Арт Галерей"-г төлөөлөн оролцож буй уран бүтээлчид хорин жилийн дараа ийнхүү нэгэн тайзнаа уулзаж байгаа нь соёлын солилцоо хүн хоорондын амьд харилцаа болохыг батлан харуулж байна.
Тэдний бүтээлүүд энэ жилийн үзэсгэлэнгийн "Газрын мөр" (Land Trace) үзэл баримтлалыг хоёр өөр өнцгөөс яруу илэрхийлж буй: нэг нь хүмүүний түүхэн зам мөрийг баримтжуулсан бол, нөгөө нь газрын өөрийнх нь сүнслэг мөрийг барималд буулгажээ. Тэдний хэн хэнийх нь хувьд хилийн чанадад ажиллаж, амьдрах нь өөр соёлд уусах үйл явц бус, харин өөрийн ондоошил болон соёлын язгуур мөн чанараа олж таних амин чухал аялал байсан юм.
Ийнхүү цаг хугацаа орон зайн ул мөрийг хүүрнэх хоёр уран бүтээлчийн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

БНХАУ-ын уран бүтээлч Жун Тяньбин / Zhong Tianbing (China)
Арван дамжсан аялал: Таны "Сунжуангийн дүр зураг" (Songzhuang Along the River) бүтээл нь Сун гүрний үеийн сонгодог хуйлмал зургийн арга барилаар Хятадын орчин үеийн урлагийн 30 жилийн түүхийг өгүүлдэг. Урлагийн хотхоны энэхүү ээдрээтэй бөгөөд эрч хүчтэй хувьслыг ийм өргөн цар хүрээтэй, түүхэн өнцгөөс буулгах санаа анх хэрхэн төрсөн бэ?
Миний бие "Сунжуангийн дүр зураг" баримтат бүтээлээ туурвихдаа Сун гүрний үеийн уламжлалт хуйлмал зургийн хэлбэрийг сонгосон нь учиртай. "Чинмингийн баяраар голын эрэг дагуу" зэрэг сонгодог бүтээлүүд нь бүхэл бүтэн хот, нэгэн эрин үеийн хүмүүний амьдралын олон өнгийг алсуур харах өнцгөөс бүрэн дүүрэн буулгаж, алхам тутамд шинэ дүр зураг дэлгэгддэг түүхэн асар их жин нөлөөтэй байдаг. Түүнчлэн, Юаньминьюань хотхоноос Сунжуан хүртэлх сүүлийн гуч гаруй жилийн орчин үеийн урлагийн хөгжил бол зүгээр нэг салангид хүмүүс, түүхүүд биш, харин үе үеийн уран бүтээлчдийн суурьшин амьдарч, тэмцэж, цуглаж, таран одсон он жилүүдийн тунадас болсон бүрэн цогц түүхэн хэлхээс юм. Асар олон дүрүүд, баялаг экосистем, урт удаан цаг хугацааг ердийн нэг хавтгай зурагт багтаахын аргагүй. Тиймээс би сонгодог хуйлмал зургийн нүсэр цар хүрээг ашиглан өнгөрсөн ба одоог холбож, Сунжуан дахь 30 гаруй жилийн урлагийн экосистем болон уран бүтээлчдийн дүр төрхийг энэхүү бүтээлдээ бүрэн цогцоор нь багтаасан. Энэ нь нэг талаас Сунжуангийн орчин үеийн урлагийн хөгжилд үнэтэй харааны баримт болж үлдэх, нөгөө талаас Дорнын хүүрнэлтийн уламжлалыг үргэлжлүүлж, Хятадын орчин үеийн урлагийн түүхэнд эргэн дурсагдах цаг үеийн тамга болон үлдэх зорилготой юм.

"Сунжуангийн дүр зураг" 60x1597cm баримтат бүтээлийн хэсгээс.
Жун Тяньбин болон Н.Лхагвасүрэн нар зүүн доод хэсэгт дүрслэгджээ.
"Чоно"-той буюу Жураан (Н.Лхагвасүрэн)-тэй холбогдсон түүх: Таны Н.Лхагвасүрэн (Чоно)-той тогтоосон нөхөрлөл 2007 оноос эхтэй. "Wolf Studio"-д хамт ажиллаж байсан тэр цаг үеэ эргэн дурсахад, Хятадын урлагийн төв цэгт Монгол уран бүтээлчтэй хамтран ажиллах нь "хувь заяаны мөр"-ийн талаарх таны үзэл бодолд хэрхэн нөлөөлсөн бэ?
Лхагвасүрэн бид хоёр 2007 онд анх танилцаж байлаа. Тэр зун би найзуудтайгаа Улаанбаатар хотод соёлын солилцоогоор очиж, нутгийн найзаараа дамжуулан түүний гэрт зочилсон юм. Гэрт нь очиход хөх чоно, тал нутгийн сэдэвтэй, эрч хүчтэй зургууд дүүрэн байсан бөгөөд өөрөө ч ан гөрөөнд дуртай, жинхэнэ нүүдэлчин эрийн хэв шинжийг агуулсан хүн байлаа. Би түүнийг "Чоно зураач" гэж тухайн үед хочлон нэрлэсэн нь одоо ч хэвээрээ. Бидний яриа ихэд нийлж, би түүнд Бээжингийн Сунжуан бол Хятадын орчин үеийн урлаг, соёлын тэргүүн эгнээ болсон, урлагийн амьд уур амьсгалтай, олон гадаад уран бүтээлчид суурьшин уран бүтээлээ туурвидаг газар гэдгийг дэлгэрэнгүй танилцуулаад, завтай үедээ заавал ирж үзэхийг урьсан юм. Гэтэл хэдхэн сарын дараа тэр үнэхээр Сунжуанд хүрэлцэн ирж, урлагийн төвд урлан түрээслэн, жинхэнэ Сунжуангийн уран бүтээлч болсон доо. Хил дамнасан бидний энэхүү ер бусын учрал надад урлагт ямар ч хил хязгаар, орон зайн хол ойр гэж байдаггүйг чин сэтгэлээсээ мэдрэх боломжийг олгосон юм. Энэхүү мэдрэмжнээс улбаалан, Сунжуанд ирж суурьшин, бие биенээсээ суралцаж, харилцан уусаж, өөрсдийн урлагийн мөрөө үлдээж буй гадны уран бүтээлчдийн түүхийг бүртгэн үлдээхэд би онцгой анхаарсан. Тийм ч учраас "Сунжуангийн дүр зураг" бүтээлээ туурвихдаа Сунжуан урлагийн тосгонд амьдарч буй олон улсын уран бүтээлчдэд тусгай орон зай гаргаж, тэднийг нэг бүрчлэн багтаасан. Энэ нь Сунжуаныг олон улсын урлагийн тосгон гэж нэрлэх жинхэнэ үндэс суурь, бахархал нь юм.

МУЭ урлан. Уран бүтээлч Жун Тяньбины хувийн архив. Улаанбаатар хот, 2007 он.
Уран бүтээлч Жун Тяньбины хувийн архив. Улаанбаатар хот, 2007 он.
Уран зургаас дижитал руу: Та карьерынхаа туршид тосон будаг болон уламжлалт материалуудаар туурвиж ирсэн ч энэ удаад торгон дээр хэвлэсэн дижитал бүтээлээрээ оролцож байна. Дижитал урлаг нь таны бүтээлд туссан олон зуун уран бүтээлч, цуглуулагчдын "Хамтын мөр"-ийг (Shared Traces) хадгалж үлдэхэд ямар давуу тал олгож байна вэ?
Уламжлалт уран зургийн биет дулаан мэдрэмж, бийр бэхний уран тансаг хэмнэл нь миний уран бүтээлийн замын ганхашгүй суурь байсаар ирсэн. Гэсэн хэдий ч орчин үеийн урлагийн 30 гаруй жилийн хувьсал, мянга мянган дүрийг нэгтгэн харуулах "Сунжуангийн дүр зураг" хэмээх баримтат бүтээлийн хувьд далайц нь хэтэрхий нүсэр юм. Уламжлалт уран зураг ийм өргөн агуулгыг тээж чадахгүй байх магадлалтай бөгөөд нарийн деталь хадгалах, панорама дүр төрхийг цогцоор нь харуулахад зарим талаар хязгаарлагдмал. Харин торгон дээрх дижитал хуйлмал бүтээл нь Дорнын уламжлалт гоо зүйн мөн чанарыг дижитал технологийн дэвшилтэт давуу талтай төгс хослуулсан юм. Торгоны нарийн нандин бүтэц, өндөр нягтралтай тод дүрслэл, мөнхийн эдэлгээ нь бидний цаг үеийн урлагийн ой санамжийг хадгалах цоо шинэ замыг нээж байна. Нэн чухал нь, дижитал бүтээлүүд биет орон зай эсвэл байршлын хязгаарлалтаас ангид байдаг. Хаана ч, хэдэн ч жил өнгөрсөн бүтээлийг анхны эх төрхөөрөө дэлгэгдэх боломжтой бөгөөд энэ нь түүхэн уран бүтээлчид, цуглуулагчдын дүр төрхийг мөнхөд хадгалж, түүхэнд тамгалан үлдээх баталгаа болох юм.
Нөхөрлөлийн хэл: Та болон Н.Лхагвасүрэн нар соёл, арга барилын хувьд ялгаатай. Таны бодлоор бараг 20 жилийн турш та хоёрын бүтээлч харилцааг амьд байлгаж чадсан тэрхүү "нийтлэг хэл" нь юу вэ?
Хэдийгээр Лхагвасүрэн бид хоёр өөр соёл, өөр арга барилтай ч уран бүтээл туурвих дотоод мөн чанар маань нэг юм. Талын торгоны зам эртнээс хоёр үндэстний соёлыг холбож ирсэн түүхтэй бөгөөд эртний зураачид үгээр биш үйл хэрэг, бүтээлээрээ ойлголцож ирсэн тэрхүү мянганы уламжлалыг бид өнөөдөр үргэлжлүүлж байна. Бид хоёулаа эх газар шороондоо үндэслэж, байгалийг шүтэн, амьдралын үнэ цэнийг бүтээлдээ шингээдэг. "Бээжин Дандай"-д бид хоёр мөр зэрэгцэн зогсож байгаа нь зөвхөн хоёр орны соёлын солилцоо төдийгүй, Дорнын урлаг Барууны үзэл баримтлалаас хамааралгүйгээр өөрсдийн хэлээр харилцан уусаж, үнэ цэнээ бүтээж чаддагийн тод илрэл юм.
"Бээжин Дандай 2026": Юаньминьюань хотхоноос өнөөдрийн Сунжуан хүртэлх Бээжингийн урлагийн хөгжлийг нүдээр үзсэн хүний хувьд, олон улсын нэр хүндтэй энэхүү үзэсгэлэнд Монгол галерейгаар дамжуулан хуучин андтайгаа мөр зэрэгцэн зогсох нь таны хувьд ямар утга учиртай вэ?
Би Хятадын орчин үеийн урлагийн Юаньминьюань хотхоноос Сунжуан хүртэлх 30 гаруй жилийн түүхэн хувьслыг өөрийн биеэр туулж, нүдээр үзсэн хүний нэг. Өнөөдөр хорин жил нөхөрлөсөн хуучны андтайгаа Монгол Арт Галерейг төлөөлөн энэхүү үзэсгэлэнд оролцож байгаа нь сэтгэл хөдлөл, хувь тавилан хийгээд хил дамнасан урлагийн гүн гүнзгий солилцоо болж байгаагаараа миний хувьд онцгой ач холбогдолтой юм. Олон улсын энэхүү нэр хүндтэй арт экспод оролцох завшаан тохиосонд он жилүүдийн хөдөлмөр үр шимээ өгч, бүрэн дүүрэн болж буй мэт сэтгэгдэл төрж байна. "Сунжуангийн дүр зураг" баримтат бүтээлд мянга мянган уран бүтээлчдийн хүсэл мөрөөдлийг шингээсэн бөгөөд энэ нь орчин үеийн урлагт сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй бүх хүмүүст үзүүлж буй хүндэтгэл юм. "Чоно"(Лхагвасүрэн) -тэй нэг тайзнаа бүтээлээ толилуулах нь Хятад, Монгол хоёр улсын ард түмний соёлын харилцааны хамгийн бодит бөгөөд амьд илрэл билээ. Монголын урлагийн эрх чөлөөт, онгон дагшин шинж чанар Сунжуаны орчин үеийн урлагтай нийцэн зохицож, уран бүтээлч хүн үргэлж өөрийн үндэс угсаа, мөн чанартаа үнэнч байх ёстойг сануулж байна. Энэхүү олон улсын тайзнаа Хятадын орчин үеийн урлагийн түүхэн үнэ цэнэ болон Монгол урлагийн сүнслэг мөн чанар хэрхэн төгс зохицож, харилцан ойлголцож, бие биенээ хөглөж буйг харуулахыг хүссэн юм.

Уран бүтээлч Нямхүүгийн Лхагвасүрэн / Lkhagvasuren Nyamkhuu (Mongolia)
Хэлбэр дүрсний хувьсал: Та уран бүтээлийн гараагаа "Монгол зураг"-ийн нарийн хийцтэй, хавтгай дүрслэлээр эхэлж байсан. Уран зургийн ертөнцөөс хүрлийн хүнд, орон зайн хэмжээст баримал руу ороход нөлөөлсөн тэрхүү гол "сэдэл" эсвэл амьдралын мөч юу байв?
Монгол зургаас баримал руу шилжсэн минь зүгээр нэг хэв маягийн өөрчлөлт бус, харин дүрсийн мөн чанарыг цоо шинэ түвшинд таньж мэдэх эрэл хайгуул байсан юм. Монгол зурагт би шугам, бэлгэдэл, хавтгай орон зайн тусламжтайгаар дотоод ертөнцөө бүтээдэг байлаа. Гэвч нэг л мэдэхэд дүрсийг зөвхөн хавтгайд дүрслэхээс илүүтэй, орон зайд бодитоор амьдруулах хүсэл хүчтэй төрсөн. Дүрс биежиж, жин татаж, дотоод сүнслэг агуулгаа эзлэхүүнээрээ илэрхийлэх ёстой мэт санагдах болсон. Энэхүү эргэлтийн маш хувийн шалтгаан нь миний нохойтой холбоотой. Амьтны оршихуй, амьд хөдөлгөөн, үнэнч чанар, хэлгүй атлаа бий болгодог тэр гүнзгий харилцаа нь надад амьд биетийн энергийг цоо шинэ өнцгөөс мэдрүүлсэн юм. Тэрхүү мэдрэмжээс үүдэн би амьтны гадаад дүрийг зурах бус, харин тэдний "оршихуй"-г нь өөрийг нь барьж авахыг хүссэн бөгөөд тэндээс л баримал эхэлсэн. Хүрэл материалыг сонгосон нь ч тохиолдлын хэрэг биш. Хүрэл гэдэг материалд цаг хугацаа, хүнд жин, дурсамж, архетип (язгуур) шинжүүд агуулагдаж байдаг. Энэ нь хүн, амьтан, байгаль гурав тусдаа зүйлс бус, харин нэгэн амьд цогц холбоос юм гэсэн миний нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэлтэй яв цав нийцдэг. Тиймээс энэхүү хувьсал нь миний хувьд уран зургаас баримал руу хийсэн шилжилт биш, харин "дүрслэл"-ээс "оршихуй" руу хийсэн гүнзгий шилжилт байсан гэж би боддог.

Уран бүтээлч Жун Тяньбины хувийн архив. Улаанбаатар хот, 2007 он.
Нүүдэлчдийн гүн ухаан: Таны барималууд Шар мөрнөөс Дунай мөрөн хүртэлх уудам нутгийг холбодог. Хүрлээр амилсан эдгээр зэрлэг амьтдын дүрүүд Бээжин шиг орчин үеийн хотын орчинд нүүдэлчдийн соёлын ямар "элч" болж очиж байна вэ?
Миний барималд дүрслэгдсэн амьтад нь зөвхөн зэрлэг байгалийн хуулбар төдий зүйл биш, харин нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзлийн язгуур “архетип”-үүд юм. Чоно, морь, буга, болон бусад араатан амьтад бүгд хүч чадал, тэсвэр хатуужил, эрх чөлөөт оршихуй хийгээд байгаль дэлхийтэйгээ хэрхэн зохицон амьдрах ёсны тухай гүн гүнзгий дурсамжийг өөртөө тээж байдаг. Шар мөрнөөс Дунай мөрөн хүртэлх энэхүү асар уудам орон зайд нүүдэлчдийн соёл хил хязгаараар бус, харин байнгын хөдөлгөөн, нүүдлээр холбогдсоор ирсэн. Би тэрхүү хүчирхэг түүхэн урсгалыг хүрлийн хэлбэрт шингээж үлдээхийг зорьдог. Бээжин шиг орчин үеийн, хөл хөдөлгөөнтэй мега хотын орчинд эдгээр бүтээлүүд маань нэгэн төрлийн "элч" болон очиж байна. Технологи, хурд, хэт хэрэглээ давамгайлсан өнөөгийн нийгэмд тэд хүн төрөлхтөнд өөр нэгэн чухал зүйлийг сануулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүн байгалиас хэзээ ч салангид орших боломжгүй, бүх зүйл харилцан шүтэлцээтэй гэх нүүдэлчдийн эртний гүн ухааныг сануулж буй элч төлөөлөгчид юм. Миний бодлоор эдгээр бүтээлүүд маань зөвхөн өнгөрсөн үеэ дурссан хөшөө дурсгал биш, харин ирээдүйд хүн төрөлхтөнд зайлшгүй шаардлагатай болох экологи, сүнслэг байдал, ёс зүйн үнэт мэдлэгийг тээгчид юм. Тийм ч учраас тэд Бээжинд зүгээр л "Монголын амьтны дүр" болон очиж байгаа хэрэг биш, харин эрх чөлөө, байгалийн тэнцвэр болон оршихуйн өөр нэгэн ойлголтыг түгээгч элч болон зочилж байгаа билээ.
"Газрын мөр" Хүмүүний мөр, бидний мөр (Land Trace) үзэл баримтлал: Энэ удаагийн үзэсгэлэн "Газрын мөр" сэдвийн дор болж байна. Уран барималчийн хувьд газар нутаг бол материалын эх үүсвэр төдийгүй түүхийн сан юм. Бээжин Дандайг үзэж буй үзэгчдэд таны баримлын хүрлэн гадаргууд шингэсэн цаг хугацааны "ул мөр" юуг мэдрүүлээсэй гэж хүсэж байна вэ?
Миний хувьд газар нутаг бол зүгээр нэг физик орон зай бус, дурсамж түүхийг хадгалан оршдог амьд архив юм. Тал нутаг, чулуу, салхи, амьтдын мөр, хүний нүүдэл бүгд өөрсдийн ул мөрийг үлдээдэг. Соёл өөрөө ч гэсэн ул мөрөн дээр тогтож, оршдог. Тиймээс “Газрын мөр” гэх санаа миний бүтээлийн агуулгатай нийцэж байгаа юм. Баримлын хүрлэн гадаргуу дээр харагдах өнгө, элэгдэл, барзгар бүтэц миний хувьд зөвхөн материалын үзэмж биш, харин цаг хугацаа нэвчсэн "арьс" л гэсэн үг юм. Үзэгчид миний бүтээлээс төгс гялгар, өнгөлөг обьект харахаас илүүтэй, олон үеийг дамжин ирсэн оршихуйн амьд мөрийг мэдрээсэй гэж би хүсдэг. Нүүдэл, дурсамж, амьтны хөдөлгөөн, хүний үлдээсэн ул мөр гээд энэ бүхэн нэгэн цул хэлбэрт орж нягтаршсан байдаг. Ялангуяа хүрэл материал өөрөө цаг хугацаатай хамт амьсгалж, амьдарч байдаг онцлогтой. Исэлдэж, өнгө нь хувирч, насжих тусмаа бүтээл өөрийнхөө түүхийг бүтээсээр байдаг. Энэ утгаараа баримал нь миний хувьд зөвхөн өнгөрснийг дүрслэн үзүүлдэг зүйл биш, харин цаг хугацааг өөртөө тээж, үргэлжлүүлэн амьдардаг оршихуй юм. "Бээжин Дандай"-д ирсэн үзэгчид эдгээр баримлын гадаргуу дахь ул мөрөөс нэг л зүйлийг мэдрээсэй гэж би хүсэж байна: Бид газар дэлхий дээр зүгээр нэг амьдраад буцдаггүй, бид эх газарт өөрсдийн мөрөө үлдээхийн сацуу, эх газрын бидэнд үлдээсэн тэрхүү аугаа мөрөн дотор нь оршин амьдардаг билээ.

Сунжуанд ирсэн нь: 2007-2010 оны хооронд та Сунжуан урлагийн хотхоны нэг хэсэг байсан. Тэрхүү олон улсын "тосгон"-д амьдарч байсан туршлага өнөөдөр таны бүтээлүүд дэх монгол төрх, ижилсэлд (identity) хэрхэн нөлөөлсөн бэ?
2007-оос 2010 оны хооронд Сунжуанд урлан түрээсэлж ажилласан он жилүүд миний хувьд чухал төлөвшлийн үе байсан юм. Тэнд олон орны уран бүтээлчид нэг дор зэрэгцэн ажиллаж, урлаг гэдэг зөвхөн нэг үндэстний хэв маяг бус, харин олон соёлын огтлолцол болохыг ойроос мэдэрсэн. Хамгийн сонирхолтой нь, тэрхүү олон улсын холимог орчинд байхдаа л би өөрийнхөө "Монгол төрх"-ийг илүү хүчтэй, гүнзгий таньж эхэлсэн. Заримдаа хүн өөрийнхөө соёл уламжлалыг дотор нь байхдаа биш, харин тодорхой зайнаас илүү тод хардаг шүү дээ. Сунжуан хотхон надад яг тэрхүү алсын зай, өнцгийг өгсөн юм. Миний өөрийн “ондоошил”, үнэ цэнэ (identity) нь зүгээр нэг үндэсний хувцас, хээ угалз мэт гаднах чимэглэлээр тодорхойлогддоггүй юм байна гэдгийг би тэнд л ухаарсан. Харин бидний орон зайг мэдрэх өвөрмөц мэдрэмж, амьтан болоод байгаль дэлхийтэй харилцах сүнслэг шүтэлцээ, үнэмлэхүй эрх чөлөөг танин сэтгэх нүүдэлчин ухамсарт л жинхэнэ Монгол оршихуй оршдог болохыг олж харсан. Тийм учраас өнөөдрийн миний бүтээлүүдэд харагддаг тэрхүү "Монгол төрх" бол ардын аман зохиолын энгийн нэг эшлэл биш, харин ертөнцийг үзэх нүүдэлчдийн гүн ухааны хэл юм. Энэ утгаараа Сунжуан бол миний хувьд харь соёлд уусч алга болсон газар биш, харин ч өөрийнхөө жинхэнэ дотоод дуу хоолойг хамгийн тодоор сонсож чадсан үнэ цэнтэй орон зай байсан.
Түүхэн ач холбогдол: Та Монгол Арт Галерейг төлөөлөн "Бээжин Дандай"-д анх удаа оролцож байна. Бээжинд зөвхөн хувь уран бүтээлч гэхээсээ илүүтэй, Монголын орчин үеийн урлагийн төлөөлөл болон хуучин анд Жун Тяньбинтай хамт эргэн ирэхэд танд ямар сэтгэгдэл төрж байна?
Энэ удаагийн "Бээжин Дандай" үзэсгэлэнд Монгол Арт Галерейг төлөөлөн оролцож байгаа нь миний хувьд зөвхөн хувь уран бүтээлчийн хувиар уригдсан хэрэг биш бөгөөд Монголын орчин үеийн урлаг олон улсын тавцанд, дэлхийн урлагийн харилцан ярианд идэвхтэй оролцож эхэлж буйн чухал дохио гэж би харж байна. Гадныхан Монголын урлагийг эртний түүхэн өв, уламжлалт хэв маягаар төсөөлөх нь элбэг байдаг. Харин өнөө цагийн Монголын уран бүтээлчид тэрхүү түүхэн өвтэйгөө харилцан яриа өрнүүлж чаддаг, контемпорари буюу орчин үеийн цоо шинэ хэллэгтэй болсон гэдгийг олон улсын индэр дээрээс харуулах нь чухал санагддаг. Тийм ч учраас би энэхүү үзэсгэлэнд өөрийгөө нэг хувь уран бүтээлч гэхээсээ, Монголынхоо өргөн цар хүрээтэй соёлын төлөөлөл нь болж байна гэх хариуцлагыг мэдэрч байна. Хуучны анд Жун Тяньбинтай хамт энэ тайзнаа эргэн ирж байгаа нь ч надад бэлгэдэлтэй санагдаж байна. Урлагийн замнал гэдэг дандаа ганцаарчилсан аялал байдаггүй бөгөөд нөхөрлөл, харилцан итгэлцэл, урт удаан хугацааны үнэ цэнтэй харилцаан дээр бат бөх тогтдог. Хуучин сайн найзтайгаа ийм нэр хүндтэй тавцанд дахин уулзана гэдэг нь цаг хугацаа гэдэг зүйл зөвхөн урлагийн бүтээл дотор бус, хүмүүс хоорондын нандин холбоонд ч бас ажиллаж, үнэ цэнээ бүтээж байдгийг тод сануулж байна. Миний хувьд энэ удаагийн оролцоо нь амжилт гэхээсээ илүүтэй нэгэн шинэ эхлэл шиг санагдаж байна. Энэ бол Монголын орчин үеийн урлаг дэлхийн тавцанд илүү өргөн хүрээнд яригдаж, танигдах үүд хаалгыг нээсэн чухал мөч юм.

Жун Тяньбин болон Н.Лхагвасүрэн нарын өвөрмөц дуу хоолой, ондоошилтой бүтээлч хүүрнэлийг 2026 оны 5-р сарын 21-нээс 24-ний өдрүүдэд Үндэсний хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн төвийн 11-р танхимд болох "Бээжин Дандай 2026" арт экспод зочилж, "Монгол Арт Галерей"-н павильоноор (дугаар: B13) зочлон мэдрэхийг урьж байна.