Монгол Арт Галерейн 5 жилийн ойг угтан 2024 оны эхэнд зохион байгуулагдаж буй байгалийн зургийн нэрт мастер МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, МОНГОЛЫН УРЧУУДЫН ЭВЛЭЛИЙН ШАГНАЛТ ЗУРААЧ Цэндсүрэнгийн НАРАНГЭРЭЛ-ийн "ЗАМ" тусгай үзэсгэлэн 2024.02.17-03.05 ны өдрүүдэд Монгол арт галерейн II давхарын үзэсгэлэнгийн танхимд үзэгчдийн хүртээл болно.
Ц.Нарангэрэл зураач нь 1971-1975 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг МУ-ын Ардын зураач Л.Гаваагийн урланд суралцан төгссөн нь түүнийг байгалийн чиглэлээр бүтээл туурвихад чухал нөлөө үзүүлсэн байдаг.
Мөн 1980-1986 онд Чехийн Прага дахь Урлаг, архитектур, дизайны академийг төгссөн тэрээр 1991 оноос хойш Дүрслэх урлагийн Дээд сургуульд 30-аад жил багшилж 11 төгсөлтийн 150 гаруй авьяаслаг уран бүтээлч шавь нарыг бэлтгэн уран бүтээлийн их замд хөтлөн оруулсан түүхтэй. Энэ удаагийн тусгай үзэсгэлэнгийн онцлог Ц.Нарангэрэл зураачийн сүүлийн жилүүдэд туурвисан 100 гаруй төрлийн ЗАМ-ийг өнгө аяс, утга төгөлдөр дүрслэн илэрхийлсэн сонирхолтой уран бүтээлүүдийг нэг дор шимтэн үзэх боломжийг үзэгчид та бүхэндээ олгож байна.
Амьдралд өдөр бүр тохиолдож буй тоймгүй олон үйл явдлууд нь олон салаа замын эхлэл болон төгсгөл мэт сонголтын дунд биднийг өөрийн эрхгүй хөтлөн оруулдаг...
2024/02/03.
Монгол Арт Галерейн Япон улс дахь төлөөлөгч, Урлаг судлаач, куратор Б.Болортуяа
2002 он."Болор цом-20" наадмын Тэргүүн шүлэг: Яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир
"ЗАМ"
Ээж минь анх сүүгээр чулууг нь зөөллөж
Эцэг минь өргөсийг нь түүсэн цэцэгт зам
Үйлийн үрийн усанд эвдэгдсэн эхлэлтэй
Уулзахын баярт эгцэрч яараад
Хагацлын гунигт донсолсон донхолтой
Учир байдлын хорвоод гэнэн сэрэмжгүй төөрсөн
Униарт мушгиа хавцал дээр
Ухаантан тэнэг хоёр ээрсэн
Миний зам
Хажуу бургасанд гөрөөс янзагалж
Асга хаднаас янгир хальсан энэ замд
Хаврын толгод дунд ингэ гунганаж
Зээр зэрэглээ сүвлэн цахилсан энэ замд
Тал санаашрал намрын тэнгэр уйлагнаж
Тогоруу буцсан энэ замд
Тавилан заяаны харгуй дагаж
Ноход хуцсан энэ замд
Салаа гэзэгтэй охин амраг болон учирч
Үрийн баяр хотолж хамт алхая
Салхины буруу зүүдэнд аавыгаа алдаж
Нулимас хамт асгав
Сүүлчийн ганц дэлхий цагийн хязгааргүйд уусахад ч
Сүү татуулан гэрэлтэх тодын тод зам
Энэ миний хувьхан заяаны зам аа
.
.
.
.
#mongolartgallery #Road #зам #Нарангэрэл #зураач #үзэсгэлэн