Mongol Art Gallery
Loading

Урлаг судлагч О.Сосорын “УРЛАГИЙН ТҮҮХ“ номын нээлт


Урлаг судлагч О.Сосорын "УРЛАГИЙН ТҮҮХ" номын нээлтийг Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан Mongol Art Gallery-н 3-р давхрын танхимд 03/08-ны 14:00 цагт болох тул та бүхнийг урьж байна.

Ochir Sosor

Mongolartgallery


ӨМНӨХ ҮГ

Урлаг судлагч О. Сосор энэхүү номоороо танд нэн эрт үеэс өнөөг хүртэлх дүрслэх урлагийн түүхэнд буй болсон олон төрөл зүйл, хэв маяг, урсгал чиглэлүүдийн алдартай бүтээлүүдээс сорчлон танилцуулж байна.

Зохиогч номоо бүтээхдээ дэлхийн урлагийн түүхийг судалж ирсэн уламжлалд тулгуурлан, нийгмийн хөгжлийн он дарааллын дагуу 13 бүлэг, 57 сэдвийг боловсруулж, тэдгээрт холбогдох 1000 гаруй зургийг хавсаргасан нь анхны хэвлэлүүдээсээ (1999, 2006 он) илүү баялаг, шинэлэг, олон талт мэдлэг, мэдээлэл агуулсан бүтээл болжээ. Урлагийн түүхийн монгол хэл дээрх анхны ном хэвлэгдсэнээс хойш хориод жил өнгөрч ховор номын тоонд орсны дээр дүрслэх урлагийн түүхийг өргөн хүрээтэй эмхэтгэн боловсруулж бичсэн ном зохиол өнөөг хүртэл монгол хэлээр гараагүй байгаа тул оюутан сурагч, магистрант, докторантууд, уран бүтээлчид төдийгүй урлаг сонирхогчдын өсөн нэмэгдэж буй эрин цагийн эрэлт хэрэгцээгээс үүдэн, нэмж баяжуулсан хэвлэлээ мэргэн уншигч таны таалалд өргөн барьж байна.

Өнөөгийн нийгмийн амьдралд нэгэнтээ үүсээд буй олон хувьсал өөрчлөлт урлагт ч шинэ нөхцөл байдлыг бий болгож, урлагийг таашаах ойлголтоос эхлээд онол, шүүмж, судлалын асуудлуудыг эргэн харах шаардлагыг дэвшүүлж байгаа нь бодит үнэн. Иймээс орчин үеийн урлаг судлал нь өнгөрсөн үеийн баялаг туршлагад тулгуурлан урагшлахын зэрэгцээ тэдгээрийг шүүн тунгааж, улам боловсронгуй болгох нь зайлшгүй юм. Гэвч, өчигдрийг мэдэхгүйгээр өнөөдрийг шинэчлэх боломжгүй, өнөөдрийг мэдэхгүйгээр маргаашийг төсөөлөх ч учир дутагдалтай тул дэлхийн урлагийн түүхийг судалж ирсэн зарчимд суурилсан энэхүү бүтээл нь их дээд сургуулийн оюутнууд, ахисан түвшинд суралцагчид, судлаачдад сурах бичиг болохын хамт урлагт дурлагч хэн бүхний шаардлагыг хангахуйц гарын авлага болсныг онцлон дурдууштай.

“Маргааш бол өнөөдрийн хүмүүсийнх биш, харин маргаашийн хүмүүсийн өнөөдөр нь юм” гэсэн А.Камюгийн үгийг эшлэн, хэрэв та ихийг танин мэдэж, аугааг хийж бүтээхийг хүсэж байгаа бол маргааш гэж хойш тавилгүй “яг одоо, яг энд, өөрөө хий” гэсэн идэвхтэй байр суурьтай байхыг эрхэм уран бүтээлчиддээ энэ дашрамд уриалж байна.

Баянзулын Мөнхцэцэг – Доктор, профессор

#mongolartgallery






Мэдээ