Mongol Art Gallery
Loading

БАЯРЛАЛАА

6 сарын 07, 2023

Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн уран бүтээлч Төмөрийн ӨЛЗИЙЖАРГАЛ, Адъяабаатарын ӨЛЗИЙЖАВХЛАН нарын “БАЯРЛАЛАА” хамтарсан 10 дахь удаагийн үзэсгэлэн Монгол арт галерейд 06.07-06.10 ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болно.

Үзэсгэлэнд уран бүтээлчдийн өөр өөрийн ахин давтагдашгүй өвөрмөц ертөнц, арга барил, дүрслэл бүхий 30 гаруй бүтээлүүд дэлгэгдэнэ. Уран бүтээлчдийн сэтгэлгээний болоод урлах орон зайг тэлж, ахин давтагдашгүй бүтээл туурвих онгодыг хөглөн, алга ташилт, урмаар хурцалдаг хүмүүс бол яахын аргагүй тэдний гэр бүл, найз нөхөд, уран зураг шимтэн сонирхогчид билээ... Магадгүй тэр ч утгаар сэтгэлийн угт байдаг талархалаа илэрхийлэн ээлжит үзэсгэлэнгээ тэд БАЯРЛАЛАА хэмээн нэрлэсэн нь энэ.

Үг юунаас ч хүчтэй гэдэг.

Тэр бүр түгээмэл хэрэглэгддэг мөртлөө маш үнэ цэнэтэй сайхан үгийг бие биедээ харамгүй илгээж, өнөөдөр гэлтгүй өдөр тутамдаа багахан зүйлд ч баярлалаа хэмээн хэлж сурах нь таны амьдралд аз жаргал, баяр баяслыг нэмж эргээд үр шим нь хур бороо мэт асгарах буй заа... Та өдөр бүр аз жаргалыг мэдрэх боломжтойг анзаарч чадвал баяр баясал бидний эргэн тойронд үргэлж байдгийг олж харах болно.

Бүтээлүүдээс онцлон дурдахад Т.Өлзийжаргал зураачийн "Андгай" цуврал зураг нь Монгол эрчүүдийн анд нөхөрлөлийг Тэмүүжин Жамух хоёрын гурвантаа анд барилдсан түүх болон Монголын ЗА-андагаар буй заа хэмээх Б.Ренчин гуайн хэлсэн ерөнхий санаанаас сэдэвлэн зурагдсанаараа тун сонирхол татна. Нэг л за гэсэн бол хүнд заавал амлалтаа биелүүлж байх ёстой! гэсэн боловсон зарчимыг баримталдаг эцэг өвгөдийн захиас, өөрийгөө хүндэтгэх, бусдыг хүндэтгэхийн тод илэрхийлэл хийгээд нэгэнт за гэвэл хэлсэн үгэндээ эзэн болох учиртай гэсэн илэрхийлэл ажээ. А.Өлзийжавхлан зураачийн хувьд айл бүхэн аз жаргалтай, баяр баясгалантай байгаасай хэмээн бэлгэдэн, монгол гэртэй холбон дүрсэлсэн өнгө аяс, уран бичилт, хурд, техник ажиллагаатай нэгэн бүтээл нүдэнд тусна. Та бид хэн нэгний аз жаргалыг хэмжиж чадахгүйтэй адил, бүтээл бүрт ахин давтагдашгүй онцлог, мөн чанар үнэ цэнэ шингэсэн байдаг. Тиймдээ ч түүний бүтээлүүд хурдтай ажиллагаа, хүчтэй бичилт, сэтгэл хөдөлгөм....

Уран бүтээлчдийн тасралтгүй үргэлжилсэн эрэл хайгуулийн үр дүн, бүтээлийн онцлог, өөр өөр ч гэлээ нэгэн цөм болон нэгдсэн тус үзэсгэлэнг уран зурагт хайртай эрхэм та бүхэн хүрэлцэн ирж үзээрэй.

Урлаг судлаач Б.Болортуяа
2023.06.06 Токио, Япон

Нээлт: 2023.06.07 ны 19 цагаас Хаяг: Дүнжингарав худалдааны төвийн замын урд тал Монгол Арт Галерей
Утас: 77198080

Б❤ЯРЛ❤Л❤❤  үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Mongolartgallery