Mongol Art Gallery
Loading

Europe Diaries - 2

5 сарын 29, 2023

Европын тэмдэглэл-2 уран зургийн бие даасан үзэсгэлэн

Европын аль нэгэн хотод зуны дулаахан орой усны тусгалд нар жаргахыг харангаа алгуурхан салхи сэвэлзэн хацар илбэх шиг мэдрэмж…

“Европын тэмдэглэл-2” уран зургийн бие даасан үзэсгэлэнг таалан соёрхуулъюу. Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, зураач Н.Гүнчинсүрэнгийн тус үзэсгэлэнгд дэлгэгдсэн бүтээлүүдээс Төв Азийн нүүдэлчин соёлтой монгол зураачийн нүдэнд өрнийн соёл иргэншлийн хамгийн энгийн ахуй хэрхэн тусгалаа олсныг харж болно. Түүний бүтээлүүдэд гол мөрөн, тэнгис, усны тусгалууд түлхүү дүрслэгдэн буй нь “ус” хэмээх нэгэн дүр дүрслэлээр дамжуулан хүрээлэн буй орчин болон зураач хоёрын харилцан нөлөөлөл, хот болон хотын иргэний харилцааг харуулна.

Мөн гадаад ертөнц хэрхэн бидний дотоод ертөнцөд нөлөөлж, эргээд дотоод ертөнцөөрөө гадаах ертөнцөө өөрсдөө бүтээж байдаг тухай бидэнд сануулах мэт. Европын орнуудын хот тус бүрийн агуа архитектур барилгууд нь сүрдэм хэдий ч өрнийн соёл иргэншилт хүмүүс амьдрал, ахуйн жижиг деталь бүрт анхаарлаа хандуулдаг билээ. Н.Гүнчинсүрэнгийн бүтээлүүдэд энгийнээр дүрслэгдэх хотын кафед сууж буй хүмүүс, урлагаа бүтээж буй зураач, хундага дарс болон зоогийн ширээ, завь гэх мэт зүйлс цөм амин сүнстэй байх ба амьдралын эгшин бүрийг үзэсгэлэнтэй өнгөрүүлж, амгалан сэтгэлээр таашаалж тамшаалан оршдог соёл иргэншлийг бидний мэдрэмжинд хүртээж буй.

Уран бүтээлийн арга барилын хувьд дүрсүүдийг хэрхэн байрлуулан зохиомжлох хуулийг чухалд үзэх оросын реалист академик школоос гадна урсан өнгрөх эгшин бүрийн мэдрэмжийг барьж авах мэт хөнгөн товшилтуудаар зурдаг францын импрессионист арга барил нөлөөлж мэргэжлийн түвшний бүтээлүүд бүтээх суурь болсон нь илт юм.

Венец, Берлин, Санкт-Петербург хол санагдавч урлагийн ертөнцөд зураачийн бүтээлүүдээр дамжин хязгаарыг гатлаж болох тул оюун санаа болон мэдрэмжийн аялалд эрхэм нандин үзэгч таныг урьж байна.

Урлаг судлаач М.Амина 2023.05 сар

Mongolartgallery