Mongol Art Gallery
Loading

Цээхүүгийн Солонго - “INFINITE LINES“ үзэсгэлэн Монгол Арт Галерейд дэлгэлээ..


Mongolartgallery

Уран бүтээлч Ц.Солонго медиа уран бүтээлч О.Амарбаттай хамтарсан “INFINITE LINES” буюу “Төгсгөлгүй Зурвасууд” контемпорари уран бүтээлийн үзэсгэлэнгээ @mongolartgallery-д 3-р сарын 16-26ны өдрүүдэд дэлгэлээ.

“Амьдралд орших цорын ганц тогтмол зүйл нь өөрчлөлт юм” гэж эртний Грекийн философич Хераклитус хэлсэнчлэн цаг хугацаа урсан өнгөрөх тутам бидний гэсэн юмс мөн эргэн тойрны маань бүхий л зүйл өөрчлөгдөн солигдоно. Шим мандал дахь эгэл биетээс авхуулаад энгүй аварга амьтдын ч эд эсийнх нь төрөх үхэх нь зэрэгцэн оршдог. Харин хүмүүс бидний хувьд байгалийн хуулийг сөрөн зогсож амь биеэ аргадан амьдарсаар одоог хүрлээ. Олон мянганы туршид хүмүүн төрөлхтөн өөрийн ахуй, хоол хүнс мөн хүрээлэн буй орчиндоо дасан зохицож, амьд үлдэхээс гадна аажмаар өөрчлөн шинэчилж, дээшлүүлэн хөгжүүлсээр ирсэн байна. Харин сүүлийн зуун жилд хөгжил дэвшил гэнэт дээд хурдаар явж, морин тэрэгнээс автомашинруу, морин өртөөнөөс интернетрүү үсрэн оржээ. Үүнийгээ дагаад бүх зүйлийн үнэ цэн ахархан хугацаанд алга болж байгаа энэ цагт мөнхийн мэт орших зүйл нь хуучны мөртөө шинэ юм шиг, эртний мөртөө өнөөдрийн хүмүүст хамаатай тийм зүйлс болжээ. “Infinite lines” буюу “Төгсгөлгүй зурвасууд” уран бүтээлийн үзэсгэлэндээ хүн бидний өөрчлөн шинэчилсэн ахуй, хүрээлэнг дүрслэхийг зорьсоноо уран бүтээлч Ц.Солонгос онцолсон юм.

Түүнчлэн “Угаас байгаль эхтэйгээ уялдаа холбоотой бид тэрхүү мэдрэмжээ алдалгүй оршин байхын тулд хуванцар, хиймэл, дуураймал байгаль бүтээсэн байна. Тэрхүү бидний байгаль мэт бүтээсэн хуванцар орчин, нэгэн цагт бидний шүтээн байсан хамгаалагч чулуун баримал, хайртай дотны эрхэм хүмүүсийн гэгээн дурсгалт хөшөөнөөс эхтэй цаасан гэрэлт зураасан зургуудаа үзэсгэлэндээ тавилаа. Бодит чулуун хөшөөнөөс эх авсан төсөөллийн хүмүүс бидний сэтгэлд оршин байх хайртай хүмүүсийг минь төлөөлсөн мэт чулуун зургууд өнгөрсөн үеэс айлчлан ирж төгсгөлгүй зурвасын гүүр болжээ. Хүмүүс байгалийг дуурайж хот дотроо гол хүрхрээ, уул толгод, бүр арал хүртэл хийдэг болжээ. Энэ нь тэр байгальтайгаа ойр байх гэсэн сэтгэл, мэдрэмжийг өдөөсөн бүтээл шахуу зүйлс болсон байна. Тиймээс тэрхүү цэвэршүүлсэн усаар хийсэн хиймэл гол мөрөн хүрхрээ, тарьсан цэцэрлэгүүдийг видео артдаа оруулж тэр байгалийн ч юм шиг, биш ч юм шиг тэр мэдрэмжийг хүргэхийг хичээлээ” гэсэн юм. 

Source: eguur.mn

Mongolartgallery

SOLONGO TSEEKHUU ART-ын #INFINITE_LINES буюу ТӨГСГӨЛГҮЙ ЗУРВАСУУД үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Уран бүтээлчдээ цаашдын олон олон бүтээл, үзэсгэлэнгүүдэд нь өндөр амжилтыг хүсье! Гайхалтай үзэсгэлэн байлаа. Зорин ирж үзэсгэлэнг үзэж, сонсож, үнэрлэж мэдэрсэн хүмүүст мартагдашгүй дурсамж үлдсэнд итгэлтэй байна.

#mongolartgallery #infinite_lines #solongo_tseekhuu






Мэдээ