Mongol Art Gallery
Loading

ХУЛГАЙЛАГДСАН АМЬДРАЛ

4 сарын 21, 2023

Mongolartgallery

 

ХУЛГАЙЛАГДСАН АМЬДРАЛ
Виссам Хури - бие даасан баримтат гэрэл зургийн үзэсгэлэн
2023.04.21-29

1975-1990 оны хооронд Ливанд өрнөсөн иргэний дайны үеэр 150,000 гаруй хүн нас барж, 17,000 орчим хүн сураггүй алга болсны дунд албадан зохион байгуулалттайгаар сураггүй болсон хүмүүс байсан ба олон мянган хүн шархдан, гэр орноосоо дүрвэхэд хүрсэн юм. Түүнчлэн улс орны бүхий л түвшинд нөлөөлсөн асар их хэмжээний сүйрэл, материаллаг хохирол учирсан.

1990 онд дайн дууссанаас хойш Ливаны үе үеийн эрх баригчид сураггүй алга болсон болон албадан сураггүй болгосон хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх, энэхүү асуудалд зохих хэмжээний санаа тавьж ажиллаж чадаагүй юм. Тэд дайны жилүүдэд амь үрэгдэгсдийн ар гэрийнхний гаргасан нэхэмжлэлийг үл тоомсорлосон бөгөөд энэ нь өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй үргэлжилсээр байна.

Хүн хулгайлах, нуун дарагдуулах ажиллагааг Ливаны байлдааны цэргүүд, мөн тухайн үед тус улсад байсан зарим бүс нутгийн зэвсэгт хүчин гүйцэтгэсэн нь илэрхий байдаг. Мөн дайны удирдагчид, дэмжигчид ард иргэдийнхээ дунд амьд сэрүүн, амьдарч, Ливаны нийгмийн салшгүй хэсэг болон одоог хүртэл чөлөөтэй явсаар байна. Тэд одоо дайны үеийнхээсээ ашиг сонирхолын ялгаатай тус бүрийн ажлыг эрхлэн амьдарч байна. Гэсэн хэдий ч эдгээр хүмүүс дайны үеийн тод дурсамжаасаа салаагүй юм.

2000 онд Ливаны засгийн газар улс орны янз бүрийн газарт цогцсуудыг хаяж, заримыг нь олноор булшлуулсныг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Үүнд гурван оршуулгын газрыг тусгайлан дурдаж, мөн иргэний дайны үеэр зарим цогцсыг далайд хаяж байсан тухай мэдээлсэн байна.


 

Виссам Хури бол Ойрхи Дорнодоос гаралтай баримтат гэрэл зурагчин юм. Тэрээр Ливан, ОХУ, Беларусь орнуудад боловсрол эзэмшсэн уран бүтээлч бөгөөд Зүүн Европ, Кавказ, Төв Азийн хүний нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй газруудыг нээн, гэрэл зургаар дамжуулан тэмдэглэж үлдээхээр зорьж буй уран бүтээлч билээ.

"ХУЛГАЙЛАГДСАН АМЬДРАЛ" баримтат гэрэл зургийн үзэсгэлэн 4-р сарын 21-29 ны өдрүүдэд Монгол Арт Галерейн I давхрын танхимд үзэгчдийн хүртээл болно.

Та бүхнийг урьж байна.