Mongol Art Gallery
Loading

“ARTSCAPE II - АДИЛ ҮГҮЙ ЕРТӨНЦ” УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН

3 сарын 03, 2023

Mongolartgallery

Энэхүү “ARTSCAPE-2” үзэсгэлэнгээр контемпорари арт, экспрессионист, абстракт, ботаникал арт, холимог арга техник хосолсон байх ба үзэсгэлэнд олон янзын арга барил, хэлбэр, илэрхийлэл бүхий уламжлалт бүтээлээс орчин үеийн холимог арга техник, барилтай бүтээлийг нэгэн зэрэг хослуулж буй явдал бөгөөд дараах 4 уран бүтээлчдийн “АДИЛ ҮГҮЙ ЕРТӨНЦ”-өөр аялуулж, орчин үеийн урлагийн 40 гаруй уран зургуудийг танилцуулах гэж байна.


Mongolartgallery

1. Л.Бумандорж - МУЭ-ийн шагналт, МУСТА /Lkhagva Bumandorj/ Bumandorj ART

Л.Бумандорж артист нь 1972 оноос уран бүтээлээ тууриваж эхэлсэн. Түүний уран бүтээлийн нэрийн хуудас нь өнгө, хэлбэр, дүрсийн зохиомж бүхий абстракт бүтээлээс монгол уламжлал аж байдал, амьдралыг шингээсэн гэр дүрслэл бүхий экспрессионист бүтээлүүд. Мөн график ялангуяа модон бар, хулдаасан бар нэлээдгүй зонхилож, керамик болон гэрэл зураг, орчин үеийн урлагийн лэнд арт төрлөөр хийсэн ажлууд нэлээн давамгайлдаг.

Түүний бүтээлүүд “Хаан банк”-ны урын санд 50 гаруй бүтээл, Монголын Уран зургийн галерейд график, абстракт болон гэр хорооллын сэдэвтэй бүтээл, байгалийн зургууд, хөрөг зураг зэрэг 30 гаруй бүтээлүүд хадгалагддаг байна.


Mongolartgallery

2. Д.Баатарсүрэн - МУСТА

Артист Д.Баатарсүрэн нь 2015 оноос хойш 60 гаруй бүтээл урласан. 2010-2015 он БНХАУ-ын Шандун мужийн Жинан хотын Шандуны их сургуульд Дорно Дахины дүрслэх урлаг судлалаар магистрын зэрэг хамгаалсан.

Түүний бүтээлүүд байгалийн сэдэвтэй уран зургуудаас цэцэгсийн бүтээлүүд тэр дундаа Вансэмбэрүү, Наранцэцэг Цагаан уул болоод байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, ховордож буй ургамлыг бүтээлдээ тусгаж, хятадын уламжлалт арга барил болох Гүнби /Potanical art/ зургийн өнгөөр ялган зурах төрөлтэй хослуулан бүтээдэг. Түүний бүтээлүүд нь ӨМӨЗО-ын Дорно арт галерей, ОХУ-ын Дорно дахины галерей мөн хувь хүний цуглуулгуудад их бий.


Mongolartgallery

3. Н.Батбаатар - МУЭ-ийн “Тэргүүний ажилтан”, МУСТА Artist Batbaatar.N

Артист Н.Батбаатар нь 2012 оноос уран бүтээлээ хийж, 100 гаруй бүтээл туурвисан. Түүний уран зургийн суурьтай бүтээлүүдэд хөрөг зураг болон судалбар зураг давамгайлдаг.

Түүнчлэн монгол зургийн элементүүдээр баяжуулан холимог техниктэй хослуулсан аж байдлын, түүхэн сэдвүүдийг багтаасан шинэ туршилт бүхий бүтээлүүдээр түүний сүүлийн үеийн бүтээлүүд хийгдэж байна. Тухайлбал, абстракт болон монгол зургийн элемент бүхий хэлбэрүүдийг багтаасан, реалист зургийн барилыг нэгтгэхийг эрмэлзэх бүтээлүүдэд нь баригдахгүй хоосон зүйлс, үлгэр домгийн сэтгэлгээ, хувь уран бүтээлчийн хандлагууд харагддаг. Түүний бүтээлүүд нь хувь хүний цуглуулгад их бий.


Mongolartgallery

4. Н.Анунаран – Далх-Очирын нэрэмжит “Бөртэ Чоно” шагналт / ANU•naran /

Контемпорари уран бүтээлч Ж.Анунаран нь 2011 оноос хойш энэ чиглэлээр уран бүтээлээ хийж байгаа бөгөөд орчин үеийн урлагийн холимог техник, перформанс, инстоляц төрлөөр бүтээлүүдээ хийдэг.

Тэрээр Монголд болон ОХУ, БНСУлсуудад нийт 10 бие даасан үзэсгэлэн гаргасан. Солонгос, Тайвань, Хятад, Япон, Непал, Герман зэрэг гадаад орнуудад уран бүтээлээ толилуулж, гадаад дотоодын 200 гаруй үзэсгэлэн, төсөлд хамрагдсан. Мөн бодит амьдрал дээр суурилсан дүрсүүдийг фото зургаар баримтжуулан, Монголын эртний шүтлэгийн заншил, амьтдын бэлэг тэмдэгүүдийг Төвдийн Буддын танка зургийн нарийн элементүүд, арга ажиллагаатай хослуулдгаараа онцлогтой. Ж.Анунарангийн уран бүтээлүүд дуализм буюу эм-эр, дотор-гадна, ар-өнгө, далд-ил ухамсар, бодит ба огторгуй ертөнц гэх мэт хоёр туйлт байдлыг харуулдаг. Түүний бүтээлүүд ОХУ-ын V.Bronshtyen галерей, МУЗГ болон хувь хүний цуглуулгад байдаг.

_________________________________________________________

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 2023.03.03- 2023.03.06

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Нандин Зүрх НҮТББ

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Mongol Art Gallery

#artscapeii #diverse #адилүгүйертөнц #mongolartgallery #SaveUsNandinZurh