Монгол Арт Галерейгаас санаачлан Монголын Урчуудын Эвлэлийн 80 жилийн ойг тохиолдуулан “Репиний академийн Шадар 3” буюу Монголын дүрслэх урлаг тэр дундаа суурь уран зургийн хөгжилд тод томруунаар мөрөө үлдээсэн нэрт зураачид болох Төрийн шагналт зураач Б.Пүрэвсүх, МУЭ-ийн нэрэмжит шагналт Ё.Өлзийхутаг, С.Элбэгдорж нарын Өвийн дээжис болох тусгай үзэсгэлэнг 2022 оны 5 сарын 25 наас 6 сарын 4 ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Монгол Арт Галерейн үзэсгэлэнгийн менежер, зураач, дүрслэх урлаг судлалын магистрант Б.Болортуяа "Mongol Art Gallery Уран зурагт дурлагсад" цахим хуудсаар зураачдын цахим санг бүрдүүлэхээс гадна судалгааны ажлынхаа сэдвийг Ё.Өлзийхутаг зураачийн намтар уран бүтээлийг сонгон судалж байгаа нь энэхүү ажилд тус нэмрээ өгч байна. Мөн С.Элбэгдорж зураачийн гэргий хэл бичгийн ухааны доктор Ц.Саранцацралт эгчийн тусламжтай ОХУ-ын Дүрслэх ухааны академийн эрдэм шинжилгээний архиваас РАХ зураачдынхаа ховор материалыг хүлээн авч үзэсгэлэнд толилуулахаар бэлдээд байна.
Монгол Арт Галерей 3 жилийн хугацаанд соёл урлагаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд мэргэжлийн баг болж зураачдын үзэсгэлэнгүүд, хүүхэд багачуудад зориулсан урлагийн хөтөлбөрүүд, алтан үеийн зураачдын тэмдэглэлт ой, баримтат кино, ном, эрдэм шинжилгээний хурал, олон улсын үзэсгэлэн зэргийг нэг дор чанартай хийн галерейн соёлыг нэвтрүүлэхийг манай хамт олон зорин ажиллаж байна.