Mongol Art Gallery
Loading

THERAPEUTIC PAUSE

3 сарын 27, 2026

Mongol Art Gallery уран бүтээлч Хадхүүгийн Болороогийн нэхмэл урлагийн бие даасан “Therapeutic Pause” үзэсгэлэнд Та бүхнийг урьж байна.

Энэхүү үзэсгэлэн нь нарийн бүтэц, органик хэлбэр бүхий нэхмэл бүтээлүүдээр дамжуулан тайвшрал, бясалгал, дотоод эргэцүүлэл гэсэн сэдвүүдийг илэрхийлэх юм. Бүтээлүүдийн материал, бүтэц, хэмнэл нь үзэгчдийг өдөр тутмын амьдралын хэмнэлээсээ түрхэн зуур холдож, тайван агшныг мэдрэх боломжийг олгоно. 

Та бүхнийг үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирж, энэхүү өвөрмөц нэхмэл урлагийн бүтээлүүдтэй танилцахыг урьж байна.

  • Нээлт: 2026 оны 3 сарын 27 (Баасан гариг)
    18:00
  • Үзэсгэлэн: 2026 оны 3 сарын 27 --- 4 сарын 02
  • Хаяг: Монгол Арт Галерей https://maps.app.goo.gl/X174m16e3V5AHDJXA

КУРАТОРЫН БИЧВЭР

THERAPEUTIC PAUSE
ӨӨРТӨӨ ҮЛДЭХ АГШИН

“Өөрийгөө ойлгох нь бусдыг ойлгох эхлэл юм.”

Хүн бүр өөрийн гэсэн зан чанар, сэтгэлзүй, дотоод ертөнцтэй. Бид өөр өөрөөр бодож, мэдэрч, хариу үйлдэл үзүүлдэг. Энэ ялгаа нь хүнийг сонирхолтой, давтагдашгүй болгодог ч зарим үед үл ойлголцол, зөрчил, сэтгэлзүйн дарамтын эх үүсвэр болж хувирах нь бий.

“Therapeutic Pause – Өөртөө үлдэх агшин” үзэсгэлэн нь хүний зан чанар, темперамент, сэтгэлзүйн төлөв байдлыг гобелен урлагийн хэлээр илэрхийлсэн уран бүтээлийн цуврал юм. Уран бүтээлч Х.Болороо нэхмэлийн уламжлалт арга техникийг орчин үеийн уран сайхны илэрхийлэлтэй хослуулан хүний дотоод ертөнц, сэтгэл хөдлөл, зан чанарын олон талт байдлыг бүтээлүүдээрээ илэрхийлж байна.

Орчин үеийн нийгэмд хүн өөрийгөө ойлгож, дотоод ертөнцөө танин мэдэх хэрэгцээ улам бүр чухал болж байна. Хурдацтай өөрчлөгдөж буй нийгмийн орчин, мэдээллийн хэт ачаалал, хүмүүсийн харилцааны төвөгтэй байдал нь хувь хүний сэтгэлзүйн тэнцвэрт байдалд ихээхэн нөлөөлж байна. Ялангуяа өсвөр насны хүүхэд, залуус өөрийн зан чанар, сэтгэл хөдлөлөө ойлгох, өөрийгөө хүлээн зөвшөөрөх үйл явцад олон сорилттой тулгарч байгаа нь өнөөгийн нийгмийн бодит байдал юм.

Энэхүү үзэсгэлэнгийн концепц нь эртний анагаах ухаанд үндэслэсэн темпераментийн онол дээр тулгуурлан сангвиник, холерик, флегматик, меланхолик гэсэн дөрвөн үндсэн темпераментаар хүний зан чанарын суурь хэв шинжийг уран бүтээлч өнгө, материал, бүтэц, хэлбэрийн хөдөлгөөнөөр дамжуулан сонирхолтой, ойлгомжтой байдлаар илэрхийлжээ.

Гобелен урлаг нь утас, бүтэц, өнгөний давхарга бүхий онцгой илэрхийлэлтэй урлагийн төрөл юм. Цаг хугацаа ур дүй их шаардагддаг энэхүү техник нь гар ажиллагаа, материал дээрхи мэдрэмж, ур сэтгэлгээний нэгдлээр бүтдэг тун сонирхолтой төрөл юм.Х.Болороогийн бүтээлүүдэд нэхмэлийн утас, өнгөний зохицол, бүтэц, зохиомж нь зөвхөн гоо сайхны илэрхийлэл төдий бус, дотоод мэдрэмж, энерги, сэтгэл хөдлөлийг илэрхийлэх хэл болон хувирч байгаа нь сонирхол татна.

Мөн гобелен бүтээлийн нэг онцлог нь үзэгч зөвхөн харахаас гадна материалын бүтэц, утасны хөдөлгөөнийг илж, барьж мэдрэх боломжтой байдагт оршино. Ингэснээр үзэгч бүтээлтэй илүү ойр, мэдрэхүйн түвшинд холбогдож, уран бүтээлийг зөвхөн харах төдий бус, биеэр мэдрэх боломж бүрдэх юм.

Бүтээлүүдэд гал, ус, чулуу, урсгал зэрэг байгалийн элементүүд бэлгэдлийн хэлбэрээр дүрслэгдэж, хүний зан чанарын өөр өөр төлөвийг илэрхийлнэ. Эдгээр элементүүд нь дотоод эрч хүч, тайван байдал, эмзэг мэдрэмж, хүсэл тэмүүлэл зэрэг хүний сэтгэлзүйн олон талт шинжийг дүрслэн харуулах хийгээд бүхэлдээ хүний зан чанар, темпераментийн ялгааг илэрхийлсэн сэтгэлзүйн орон зайн инсталляци болж бүрдэнэ.

Үзэгч бүтээлүүдийн дунд байхдаа өөрийн зан чанар, сэтгэл хөдлөл, дотоод мэдрэмжийн талаар эргэцүүлэх боломжтой.

Ялангуяа энэхүү үзэсгэлэн өсвөр насны үзэгчдэд хандсан нэгэн чухал санааг дэвшүүлж байна. Өнөөдөр дэлхий даяар өсвөр насныхны дунд үе тэнгийн дээрэлхэлт, сэтгэлзүйн дарамт, үл ойлголцол улам бүр нэмэгдэж байгаа энэ цаг үед өөрийгөө танин мэдэх, өөрийн сэтгэлзүйг ойлгож, удирдаж сурах нь онцгой ач холбогдолтой болж байна.

Иймээс зөвхөн уран бүтээлийн үзэсгэлэн төдий бус, харин хүн өөртэйгөө уулзах, өөрийгөө ойлгох, өөрийн дотоод ертөнцтэйгээ ажиллах тухай эргэцүүлэх боломжийг үзэгчдэд санал болгож буй урлагийн орон зай юм.

Өсвөр насныхан, залуус энэ үзэсгэлэнг үзэж, өөрийн зан чанар, мэдрэмж, дотоод ертөнцөө илүү сайн ойлгох боломжийг олж авна гэдэгт бид итгэж байна.

Учир нь Өөрийгөө ойлгох нь бусдыг ойлгох эхлэл юм.

Куратор,
Б.Болортуяа

#mongolartgallery

Mongolartgallery