Mongol Art Gallery
Loading

МОНГОЛ ЗУРААЧИД ВЬЕТНАМ ОРНООР

4 сарын 21, 2025

"МОНГОЛ ЗУРААЧИД ВЬЕТНАМ ОРНООР" түүхэн үзэсгэлэн тун удахгүй Mongol Art Gallery-д нээлээ хийх гэж байна.

  • Нээлт: 2025 оны 04 сарын 21-ний Даваа гаригт, 15:00 цагаас
  • Хаана: Монгол Арт Галерейн 2-р давхрын танхимд

1958 онд Монголын Урчуудын Эвлэлийн хорооны дарга, Хөдөлмөрийн баатар, Ардын зураач Н.Цүлтэм тэргүүтэй төлөөлөл Вьетнам улсад очиж урлаг соёлоо Вьетнамын ард түмэнд толилуулснаар хамтын ажиллагааны эхлэл тавигдсан түүхтэй.

Мөн 1963 онд Ардын зураач Г.Одон, 1965 онд МУУГЗ зураач С.Дондог, 1971 онд Ардын зураач Б.Гомбосүрэн, 1969 онд Ардын зураач Б.Чогсом, 1980 аад онд мөн МУУГЗ зураач М.Бүтэмж тэргүүтэй зураачид тус тус үзэсгэлэн гаргасан байдаг.

Энэхүү үзэсгэлэнд тэр үед МУЭХ-д ирсэн хуваарийн дагуу 1989-1991 онд Вьетнамын үйлдвэр урлалын сургуульд сийлбэрийн мэргэжлээр сурсан ганц Монгол уран барималч МУЭ-ийн нэрэмжит шагналт А.Өлзийбаатарын баримлууд гээд 50 гаруй бүтээлийг дэлгэх юм.

Эдгээр бүтээлүүд Вьетнам орны тухай ховор түүх өгүүлэхээс гадна хоёр улсын соёлын харилцаанд чухал нөлөө үзүүлсэн онцлогтой билээ. Монголын алдарт зураачид Вьетнам улсад ид дайны үеэр хоёр улсын хамтын ажиллагааг чухалчилан, МУЭ-ийн томилгоогоор үзэсгэлэн гаргаж, ард түмний аж байдал, зан заншил, хотын өнгө төрх, Вьетнам хүмүүсийн хөргийг харандаа усан будаг, пламастер зэргээр зурж үлдээснийг 60 аад жилийн дараа анх удаа гарган олонд толилуулах гэж байгаадаа баяртай байна.

Алдарт зураачдын гэр бүл, болон Монгол улсад суугаа Вьетнамын ЭСЯ-ны хамт олонд талархал дэвшүүлэе!

Mongolartgallery